Uncategorized

Б.Баатар найруулагчийн гэргий Н.БАЯРСАЙХАН: Ханьтайгаа хамт баярлаж, уйлж, хэрэлдэж, хөтлөлцөж уран бүтээл дунд нь амьдарсан

Монголын театр урлагийн нэрт найруулагч Б.Баатар агсны урлагт хэрхэн амьдарсан, чухам хэн байсныг түүний эхнэр Н.Баярсайхантай ярилцлаа. -Та ханьтайгаа 35 жил амьдарсан юм билээ. Ханийгаа ямар хүн байсан гэж ярих вэ? -Б.Баатар надтай айл гэр болсон цагаас хойш ар гэрийнхээ бүх амьдралыг надад даатгачихсан. Хүүхдүүд нь хоолтой байна уу, үгүй юу, мөнгөтэй байна уу үгүй юу, хүүхдүүд нь хичээлдээ явсан уу, үгүй юү юу ч мэддэггүй байсан. “Б.Баатар чухам хэн байсан юм бэ” гээд бодоход бусдын нөхөр шиг дэлгүүр хэсэж, тор дүүрэн чихэр, жимс бариад ирдэггүй, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж үзээгүй. Хийсэн хоол голчихоод, сайхан бол идчихээд л, юу ч дуугарахгүй өрөөндөө бодолд автан хэвтдэг байсан. Тэгэхээр нь “Чи өрөнд баригдсан хүн шиг хаашаа юм. Гөлийгөөд л суух юм” гэхээр “Найруулах жүжгээ бодож байна” гээд л мөнхийн бодолд автаж суудаг байсан. Харин ууж, идэж, наргиж цэнгэсэн үедээ түүн шиг чалчаа хүн үгүй. Бусдыг “Суу, бос, ор, гар” гээд л захирдаг зангаараа. Харин энгийн үедээ яргавар, их зантай, эрхэмсэг нэгэн байлаа. -Танд ар гэрийнхээ бүх амьдралыг даатгачихсан байжээ. Түүний мөнхийн хүсэл, зорилго нь уран бүтэээл байж таарах нь ээ? Хань минь “Би чамд бүхнээ даатгасан, итгэсэн, сайн эхнэртэй байсны гавьяаг мэдэрч явна” гэж хэлдэг байсан. Хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурддаг байв. Тэгэхээр надтай 35 жил ханилахдаа мөнгө олж амьдралаа дээшлүүлж, том машин унаж, хаусанд амьдарч үзье гэж бодож үзээгүй. Тийм болохоор хүний иддэггүйг идэж, өмсдөггүйг өмсөж, аялж, зугаалж байгаагүй. Энэ нь ч түүний хүсэл, мөрөөдөл биш байлаа. Харин түүний цорын ганц мөрөөдөл нь “Цахлайг яаж гоё найруулах вэ, “Амьгүй албат”-ыг яаж амь оруулах вэ” гэж л бодол, сэтгэл бүхнээ зориулдаг байсан. “Илүү юм эзэндээ гарзтай”, “Байгаадаа сэтгэл хангалуун бай” гэдэг зарчимтай хүн байсан шүү дээ. Мөнгө олох, арвижуулах, хураах ухаан бид хоёрын хэнд нь байсангүй.-Тэгэхээр та ч бас амьдралын элдэв зүйл, эд баялагт санаа зовохгүй ханийнхаа ажлыг нь ойлгож, дэмждэг байжээ? -Тийм, ээ. Хүн ханиа л дагаж дуурайж нэг хүн шиг болдог юм байна. Ханийнхаа уран бүтээлийг дэмжиж, анхны үзэгч нь болж, хамт баярлаж, уйлж, хэрэлдэж, хөтөлцөж уран бүтээл дунд амьдарсан. Түүнээс эд баялаг дунд амьдарч үзээгүй. Бид ингэж л сэтгэлийн амар амгаланг эдэлж, түүний найруулсан жүжгээс эрч хүч авч жаргалтай амьдарсан. Харин нөгөө талаас нь бодоод үзье гэвэл, ар гэртээ анхаардаггүй, арчаагүй хүн байсан юм болов уу даа гэхээс өөр муу бодол төрөхгүй юм. Хань минь тийм л үнэнч, шударга, авьяастай, мэдрэмжтэй ховор хүн байсан даа. -Та Б.Баатар найруулагчийн бага насных нь тухай ярьж өгөөч. Тантай багийнхаа тухай хэрхэн хуучилдаг байв? -Хань минь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав, ээж нь Увсынх. Аав нь инженер, ээж нь эмч мэргэжилтэй. Аав нь залуудаа бурхан болсон гэдэг. Харин түүний ээж 80 гаруй настай эмээ бий. Хань минь эцэг эхээс дөрвүүлээ, айлын том хүү. Ээжийгээ хоёрдугаар дамжааны оюутан байхад нь мэндэлсэн болохоор өвөө, эмээтэйгээ өссөн гэдэг. Тухайн үед өвөө нь 17 дугаар цэцэрлэгийн манаачаар ажилладаг байсан юм билээ. Өвөөтэйгөө хамт түлээ хөрөөдөж, эмээгээ ажлаас нь ирэхийг хүлээгээд гэртээ ордоггүй ажлынх нь гадаа, гэрийнхээ гадаа тэвэг, бөглөө, хөл бөмбөг тоглоод хүлээдэг байсан гэдэг. Багасаа хичээлдээ сайн, ой сайтай хүүхэд байсан юм билээ. Түүний бага нас “Ардын эрх”, “100 айл”, “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр” орчмоор өнгөрсөн гэдэг.Тэр гуравдугаар сургуулийг төгссөн юм. Арван жилийн сурагч байхдаа шүлэг, зохиол унших дуртай хүү байсан гэдэг. Тухайн үедээ үндэсний телевизэд “Болжмор” сэтгүүл уншдаг, радиогийн хөгжмийн редакцад “Хөгжмийн оньс тайлагч” нэвтрүүлгийг хөтөлдөг телевизийн талаар жаахан мэдлэгтэй байсан гэдэг. Тэгээд сургуулиа төгссөний дараа сахилгагүйгээсээ болж сургуульд яваагүй юм байна лээ. Харин Кино үйлдвэрт туслах найруулагч болж, 15 баримтат кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан. Тэр үед Содном, Жамьян, Долгор, Юндэндорж, Хишигт зэрэг найруулагчийн туслахаар хоёр жил ажилласан гэдэг. Тухайн үед кино үйлдвэр, телевизэд ажиллаж байсан туслах найруулагчдын дунд конкурс зарлаж, түүнд тэнцээд Киевийн театр урлагийн дээд сургууль явах эрхтэй болж, түүний ажил амьдралын гараа эхэлсэн юм билээ. -Тантай учрах тавилан нь “Сахилгагүйгээсээ болж сургуульд яваагүй” гэх шалтгаан байж дээ? -Бид хоёр 39 жилийн өмнө Украйны Киев хотод танилцаж байжээ. Хань маань Театр урлагийн дээд сургууль, Би Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийн оюутан байж. Бид гуравдугаар дамжааны оюутан байхдаа танилцаж, хамт жүжиг үзэж дотноссон. Гэхдээ Хань маань “Гэргийгээ вокзалаас олсон” гэж ярьдаг байсан. Учир нь, намайг эгчийгээ гаргаж өгч байгааг нь хараад дурлаж, мартаж чадаагүй гэдэг. Хожим “Нүдэнд дулаахан сайхан охиныг хараад мартаж чадаагүй, харин ханилсан” хэмээн ярьсан байдаг шүү дээ. Киев хотын Хрещатикийн гудамж, Богдан Хмельницкийн хөшөө тэнд л тэдний залуу нас, анхны хайр, мартагдашгүй дурсамж гэрэлтэж байгаа даа.Та сайн хань байж чадсан уу. Амьдралын хэцүү бүхнийг хэрхэн туулж байв? -Бид 1985 онд нутагтаа ирж, хуримаа хийсэн. Бидний ууган охин Б.Маралгоо 1987 онд, хүү Б.Энхжин нь 1992 онд төрсөн. Хань маань “Би мэргэжил, хань хоёроо зөв сонгосон. Бусад нь цул алдаа. Би алдаан дунд амьдарч байгаа” гэж өөрийгөө ярьдаг байсан. Гэвч бид учирснаараа учирч хүний амьдралын зовлон, жаргал бүрийг туулсан. Эцэг, эх, үр хүүхдээ хүртэл алдаж үзсэн. Гэвч нэгнээсээ урваж, шарваж байгаагүй. Бид хэн хэнийхээ хувьд сайн хань байж чадсан. Надад уйлсан, аргадуулсан, гомдсон, дуугаа хураасан үе зөндөө байсан. Бид хүний амьдралд тохиолддог бүхнийг үзсэн, даван туулсан. Би ханиасаа айх үедээ айдаг. Догшрох үедээ догширдог, тэсэж байгаад дэлбэрдэг, хоол ундаар нь боож буулгаж авдаг байсан шүү дээ. Хань маань хүүхэд шиг гэнэн итгэмтгий, муу санаагүй. Цалингаа авчихаад баярлаж байгаа нь, ач нарыгаа эрхлүүлж буй нь яг л хүүхэд шиг. Харин сонгодог жүжиг найруулж байгааг нь бодохоор “ямар айхавтар хүн бэ” гэж бодмоор. Тэгж л ажил, амьдралаа ялгаж, хувирч чаддаг хүн байсан даа. -Хань нь хамгийн сүүлд танд юу хэлсэн бэ? -Хань минь хамгийн сүүлд “Намайг өөрчлөөгүй байгаагаар минь хайрласанд баярлалаа” гэж хэлсэн. Тэр маань “Би ямар ч найзгүй. Чи бол миний найз” гэж ярьдаг байсан.Таны хань урлагт “Үнэн амьдар” гэж хэлсэн байдаг. Өөрөө ч төрөлхийн авьяастай, урлагийн төрсөн хүн байж дээ?-Хань минь урлагийн төлөө төрсөн. Урлагт өөрийгөө зориулсан, үнэн байж чадсан. Тэр ажил, мэргэжлийнхээ боол нь болж үзээгүй. Хамгийн хэцүү мэргэжлийг сонгосон. Тэр дандаа уншдаг, эрэл  хайгуул хийдэг. Гэхдээ ямар ч ном, зохиолыг дуустал нь уншиж үзээгүй. Эхлэл, өрнөл, төгсгөлийг нь харчихаад л бүхнийг ойлгочихдог, мэдрэмжтэй, авьяастай гэнэ байсан. Кино, жүжиг үзэхдээ ч адил эхний 5-10 минутыг нь үзчихээд л “Төгсгөлийг нь харчихлаа” гэдэг байсан. Ер нь найруулагч хүн “Чи тэндээс тэгж алхаж гарч ир” гэхээс илүү жүжгийн турш ямар ая, эгшиглэх вэ гээд хөгжмийн зохиолчтой, ямар хувцас өмсөх вэ гэдгийг оёдолчинтой, тэгээд зураач, жүжигчид, зохиолчтой ажилладаг болохоор өргөн мэдлэгтэй байхаас өөр аргагүй. Тухайлбал, гэрлийн өнгө будаг бүрийг мэддэг байх ёстой. Тэр бүх хүнийг баг болгож ажиллуулдаг учир би ханийгаа сайн баг бүрдүүлж чаддаг, сайн удирдагч байсан гэж боддог. Түүнд авьяас, авьяас, авьяас, удирдах чадвар байсан. Тиймээс тэр алдартай найруулагч болж, бусдаас илүү амжилт гаргасан болов уу. Тэр аливаа жүжгийг яаж найруулах вэ гэдгийг мэддэг, мэргэжилдээ эзэн болсон хүн. “Энэ жүжгийг яаж найруулах вэ” гэж хэнээс ч асууж үзээгүй. Өөрийнхөө хүссэнээр бүхнийг хийдэг, чаддаг. Хэнд ч тайлан тавьдаггүй байв. Тэр ч утгаараа түүний уран бүтээл хийх хүсэл, мөрөөдөл дандаа биелж байсан. “Гургалдайн дуут шөнө”, “Гарваа” жүжгээрээ олондоо танигдаж, өөрийгөө олж, “Цахлай”, “Кихот ноён”, “Худалч эгч”, “Мануухай”, “Босго”, “Цэргүүд”, “Сэрүүн зүүд”, “Адууны түүх” зэрэг олны хүртээл болсон уран бүтээлийг найруулж, ерөнхий найруулагч болж байлаа. Харин сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхий найруулагчийн ажлаа өгч, найруулагч болж байсан.Ханийг нь УДЭТ-ын эзэн хаан байсан гэж ярьдаг юм билээ. Бидний шүтэн биширдэг жүжигчдийг цол хэргэм ялгалгүй загнадаг гэж сонссон. Энэ тухай ярьж өгөөч? -Хань минь “Би чадна, би л найруулж чадна” гэдэг өөрийгөө мэдэрсэн хүн байсан. Тэр хэний ч эрхшээлд орж бөхөлзөж үзээгүй, бардам, эрхэмсэг хүн байлаа. Өөртөө маш итгэлтэй, зоригтой. Өөрийгөө мэдэрсэн, өөрийгөө олсон цаг хугацаандаа уран бүтээлээ эхлүүлж, УДЭТ-ын номер нэг найруулагч, удирдагч нь болж чадсан юм. Тэр хоцорсон, буруу юм хийсэн, үгэнд нь ороогүй хэнийг ч бэлтгэлд оруулдаггүй байсан. Бүр их уурласан үедээ тэднийгээ үгийн муухайгаар дуудаж, хөөж явуулдаг, гомдлоо барагдтал, сэтгэлээ онгойтол “асдаг” байсан. Тэгснээ маргааш нь хөөж явуулсан хүмүүстэйгээ юу ч болоогүй юм шиг инээсээр уулзаж “Алив, 100 грамм байна уу” гээд дотносдог эгэлийн эгэл нэгэн байлаа. Тиймээс тэр сэтгэл, зүрхэндээ хоггүй, хар санаа нуулгүй амьдарч чадсан шиг санагддаг. -Түүний эрүүл мэндийн шалтгаан нь юу байсан бэ? -Хань маань түнх, хөл нь өвдөж, үүний улмаас чихрийн шижинтэй болж сүүлчийн жилүүдэд эмчилгээ хийлгэж байсан. Тэрээр БНСУ-д түнхний үе солих хагалгаанд орсон ч таягаа хаяж чадаагүй.Тийм учраас театрын том албан тушаалд ажиллах нь хэцүү санагдсан байх.Хань нь өөрийнхөө ямар уран бүтээлд ханаж, түүндээ баярлаж байсан бол?-Тэр үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлээс гадна 20 гаруй радио жүжиг таван дэлгэцийн бүтээл туурвисан Монголын сор уран бүтээлч байлаа. Хань маань ихэвчлэн үзэгчдийн таашаалд нийцсэн сонгодог зохиолд ажилладаг найруулагч байсан. Аливаа жүжиг 1:30 минут үргэлжлэх байлаа гэж бодоход эхнээсээ дуустлаа найруулагчид ч тэр, үзэгчдэд ч таалагддаггүй юм билээ. Харин жүжиг дуусахад ганц дүрс, ганцхан хэсэг нь л найруулагчийн сэтгэлд бүрэн нийцэхэд “Бид чадлаа” гэж баярлаж, түүндээ дурладаг юм билээ. Хань минь “Цахлай” жүжгийг найруулчихаад өөртөө тэгж их баярлаж, бахархаж байсан юм. “Отелло” жүжгийг Д.Сосорбурамтай гоё найруулсан. “Гарваа” жүжиг нь 1985 онд монголын үзэгчдийг байлдан дагуулж байлаа.-Тэгвэл түүний сэтгэлд хүрээгүй ямар жүжиг байдаг бол. Тантай хамт үзэгчдийн суудлаас уран бүтээлээ үзэж байв уу?-Хань маань жүжгийн нээлтээ огт үзэж чаддаггүй байсан. Бүр тайзны ард байж чаддаггүй байсан. Энэ тухай нь асуухаар “Ерөөсөө болдоггүй юм. Яагаад гэдгийг нь хэлж мэдэхгүй юм” гэдэг байсан. Тэгээд л жүжиг тоглож байхад өрөөндөө эсвэл бусдын өрөөнд тамхиа баагиулаад суудаг байсан юм. Харин жүжиг дууссаны дараа “Ерөнхий найруулагч Б.Баатар” гэж зарлахад хоёр, гурав дуудуулж байж гарч ирж ёсолмоор болдог. Заримдаа найруулсан жүжигтээ “дургүй хүрлээ”, заримдаа “би ч алаад хаячихлаа” гэсэн үе ч байдаг юм билээ. Хань минь “Адууны түүх” жүжгийнхээ төгсгөлийг хийж чадаагүй. Түүнд их сэтгэл дундуур байсан. Гэхээ би ханийгаа Драмын театрын номер нэг найруулагч байсан гэдгийг бардам хэлнэ.Таны ханьд биелүүлж чадаагүй зүйл байсан болов уу?-Хань минь хүн болсныхоо гавьяаг өөрөөрөө баталж, өөртөө эзэн байж чадсан. Хэдий богино хугацаанд амьдарсан ч гэлээ өөрийнхөө орон зайг бүтээж чадсан. Гэвч тэр хоёрхон мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоогоос буцсан. “Лир ван” жүжиг найруулах, нөгөөх нь АНУ-д суугаа охин дээрээ очиж байсан юм. Одоо би түүний тухай бодохдоо “Хэрвээ байсан бол тэгэх байсан, ингэх байсан” гэж төсөөлж бодохоос зайшгүй сууна. Гэхдээ тэр маань удам залгах хоёр ач охиноо үзсэн, өлгийдсөн, эрхлүүлсэн. Магадгүй тийм болохоор харамсах, санаа зовох зүйлгүй буцсан байх. Бид “Баатар найруулагч” сан байгуулж жил бүр нэгдүгээр сарын 29-нд дурсдаг. Энэ жил эрдэм, шинжилгээний хурал хийж, эрдэмтдийн дунд яриа өрнүүлэхээр ярилцаж байна.Б.Баатар найруулагчийн гэргий Н.Баярсайхан “Ханийгаа өдөр, шөнөгүй бодоод уйлаад байх нь гайгүй болсон. Харин одоо театрт ямар жүжиг тоглож байна, хэн найруулсан байна гэдгийг л хардаг болж. Тэгээд л хань минь байсан бол өдийд “Лир ван” жүжгийг найруулчихсан байгаа даа. Эсвэл “Төсөв санхүүг нь харж суусаар байгаад бүтээгүй ч байх юм болов уу” гэж яг найруулах гээд хүлээж суугаа хүн шиг догдолж, боддог юм. Ер нь эхнэр хүн нөхөртөө л хоол хийдэг юм байна гэдгийг ханиасаа хойш л мэдлээ дээ” хэмээн бидний яриа энэ удаад өндөрлөсөн билээ.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!